Зорчигч тээвэр:

Засгийн Газрын 2015 оны 459 дүгээр тогтоолоор баталсан БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх” төслийг “Ди Би Эм лизинг” ХХК нь Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яамтай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 116 тоот дамжуулан зээлийн гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Хьюндай Мотор” компанийн Хьюндай Юниверс Люкшири маркийн зорчигч тээврийн автобусыг 2017 онд 3.1 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 автобусыг 5 байгууллагад , 2018 онд 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй 26 автобусыг 10 байгууллагад, 2019 онд 486.0 сая төгрөгийн өртөгтэй 2 автобусыг 1 байгууллагад, 2020 онд 210.0 сая төгрөгийн өртөгтэй 1 автобусыг 1 байгуулагад тус тус санхүүгийн түрээсээр олгоод байна. Санхүүгийн түрээс олгосон 17 байгууллагаас 2 байгууллага санхүүгийн түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэхүү төслийн үр дүнд зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, улс, хот хоорондын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийсэн.

Ачаа тээвэр:

Ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2018 онд 9.9 тэрбум төгрөг, 2019 онд 1.8 тэрбум төгрөг, 2020 онд 2.3 тэрбум төгрөг буюу нийт 14.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий  том оворын тээврийн хэрэгсэл болон хүнд даацын 69 ширхэг чирэгч толгой, 113 ширхэг чиргүүл, 40 ширхэг чиргүүл холбогчийг 3 компанид санхүүгийн түрээсээр олгоод байна. Уг санхүүгийн түрээсийг олгосноор нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх ба нүүрсний экспорт өсөж, гадаад валютын орох урсгал нэмэгдэн, тээврийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.